Цар тахалыг боломж талаас нь харж үзвэл хүн төрөлхтөн биднийг амьдралын мөн чанар, дэлхийг үзэх үзэл, амьдралын хэв маягаа эргэн харж дүгнэлт хийхийг сануулж байгаа мэт. Би хувьдаа ковидоос хойш гар утсандаа “Balance” гэдэг бясалгалын апп татан авч суулгаад өөрийн сөрөг энергийг гадагшлуулах зорилгоор сонирхон ашиглаж эхэлсэн. Өөрт гарч буй өөрчлөлт ихээхэн таалагдсан тул энэ удаа James Doty-ийн бичсэн “Into the Magic Shop: A Neurosurgeon’s Quest to Discover the Mysteries of the Brain and the Secrets of the Heart” номонд бичигдсэн зарим “зөвлөгөөг” тоймлон хүргэе.

Биеэ амраах нь

  1. Энэхүү дасгалыг хийхэд танд ямар нэгэн саад болохгүй орон зай болон цагийг сонгож ав.
  2. Хэрэв танд сөрөг стресс хуримтлагдсан, сэтгэл санаа тогтворгүй, хэт ядарсан, эсвэл ямар нэгэн гадны нөлөө (архи болон бусад)-нд байгаа бол дасгал эхлэх хэрэггүй.
  3. Эхлэхээсээ өмнө хэдэн минут зүв зүгээр сууж амар. Энэхүү дасгалыг хийснээр юунд хүрэхээр зорьж байгаагаа бод. Зорилгоо тодорхойл.
  4. Нүдээ ань.
  5. Хамраараа гурван удаа гүнзгий амьсгаа авч амаараа аажуухан гаргаснаар дасгалаа эхэлнэ. Амьгалах нь таны хувьд ямар нэгэн садаа болохооргүй санагдтал амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүл.
  6. Амьсгалын дасгал дадал болчихсон бол өөрийгөө гаднаасаа ямар байдлаар харагдаж байгаа бол гэж төсөөлөөд, яг яаж, ямар байрлалаар сууж байгаагаа бод.
  7. Хөлний эрхий хуруунд хамаг анхаарлаа төвлөрүүлээд түүнийгээ амраа. Дараа нь хөлөн дээрээ анхааралаа төвлөрүүлээд булчингаа суллаж амраа. Амьсгаа авч, гаргах үед тань булчингууд чинь хайлж байна гэж төсөөл. Зөвхөн хөлийн эрхий хуруу болон хөлөн дээрээ анхаар. Дөнгөж эхэлж байх үед таны анхаарал сарних, бодол санаа амархан сатаардаг. Тэр тохиолдолд дахиад эхнээс нь эхлээд хөлний булчин болон эрхий хуруугаа амраа.
  8. Хөл болон хөлний хуруунуудаа амрааж чадсан бол анхаарлаа биеийн дээд хэсэг рүү шилжүүлэх замаар шилбэ болон гуян дээрээ төвлөр.
  9. Гэдэс болон цээжний булчингаа дараа нь амраа.
  10. Дараагийн удаа нуруугаа төсөөлж бодоод нуруу тойрсон бүх булчинг амрааж бодоод мөр болон хүзүүрүү шилжинэ.
  11. Эцэст нь нүүр болон толгойны хуйх тойрсон булчингуудыг амраа.
  12. Биеийн булчингуудыг амрааж байх тэр үйл явцад таны биед тайван байдал бүрэлдэж ирж байгааг анзаар. Таатай мэдрэмж төрж байгааг мэдэр. Энэ цаг мөчид нойр ихээр хүрэх, зарим тохиолдолд дуг хийж ч мэднэ. Асуудалгүй. Бүх биеийн булчингаа амрааж дуусах хүртэл хэд хэдэн удаагийн оролдлого шаардагдаж болно. Тэвчээртэй бай. Өөртөө зөөлөн, энэрэнгүй ханд.
  1. Зүрхэндээ анхаарал хандуул. Зүрхний булчингаа амьсгал авах, гаргах тутамд амраахыг хичээ. Бие чинь амрах тусам, зүрхний цохилт чинь удааширч байгааг олж мэд.
  2. Амьсгал авч, гаргах тоолонд бие чинь бүрэн амарч өөрийнхөө одоо байгаа цаг мөчийг мэдэр. Дулаан эрчийг мэдэр. Тайвшрахын хэрээр ихэнх хүмүүс хөвч байгаа мэт мэдрэмжийг авна. Удаанаар амьсгалаа авч, удаанаар гарга.
  3. Амарч, тайвширч, амгалан болж дулаан эрчийг мэдрэхийг зорь.
  4. Одоо нүдээ нээ. Нүдээ нээлттэйгээр хэдэн минут сууж ямар нэгэн зорилгогүй, юу ч бодохгүйгээр хэсэг бай.

Амьсгал ба амрах нь оюун санааг цэгцлэх хамгийн анхны алхамууд юм.

Оюун санаагаа цэгцлэх

  1. Бие тань нэгэнт амарч тайвширсан бол одоо оюун санаагаа цэгцлэх цаг болжээ.
  2. Амьсгалдаа анхаарлаа хандуулж эхэл. Янз бүрийн бодлууд толгойд орж ирэх, түүндээ автах нь түгээмэл үзэгдэл. Ийм тохиолдол бүрт амьсгалдаа анхаарч эргэн төвлөр. Хамрын нүхээр амьсгал биенд чинь орж байгааг анхаарч төвлөрч чадвал, зарим нэг хүнд анхаарлаа эргэн төвлөрүүлэхэд дэмтэй байдаг.
  3. Анхаарал сарних, төвлөрөл алга болох үед түүнийгээ буцаахын тулд тарни, үг хэллэг ашиглаж болдог. Ойр тойронд буй ямар нэгэн биет зүйл эсвэл лааны дөлөнд анхаарлаа төвлөрүүлэх замаар аливаа нэг үгийг олон давтан хэлж тарни байдлаар ашигладаг. Энэ нь таны анхаарал сарних, сэлгүүцэж зугаалж буй бодлыг эргэн чиглүүлж авчирахад тус болно.
  4. Цаг хугацаа болон хичээл зүтгэл шаардана. Шантрах хэрэггүй. Нам гүм болсон оюун санааны ач тусыг өөрийн биеэр мэдэртлээ хэдэн ч долоо хоног зарцуулагдаж магадгүй. Дасгалаа тууштай хийгээд явбал сөрөг болон садаа болж буй зүйлстэй сэтгэлзүйн хувьд өмнөх шигээ тэмцэлдэх хүсэл зорилго багасдаг. Сэтгэлзүйн хариу үйлдэлтэй холбогдсон дотоод бие сэтгэл зүрх таныг сатааруулахгүй л бол зүгээр л амарч буй байдлаас үүдэлтэй тайвшрал улам нэмэгддэг. Энэ хариу үйлдэл нь таны биенд нөлөө үзүүлдэг.
  5. Өдөр тутам энэ дасгалыг хориос гучин минутын туршид давт.

Оюун санаагаа цэгцтэй байлгасны ач тус нь таны бодол санааг илүү тунгалаг болгоно.

Сэтгэл зүрхээ нээх

  1. Биеэ бүрэн амраа.
  2. Амарч чадсан бол амьсгал дээрээ төвлөр, оюун санаагаа аливаа бодлоос чөлөөлж хоосол.
  3. Ямар нэгэн бодол орж ирвэл анхаарлаа амьсгал дээрээ төвлөрүүл.
  4. Бодол санаагаа хоослохын тулд үргэлжлүүлэн амьсгалаа авч, гарга.
  5. Таныг ямар нэгэн хариу нэхээгүй байдлаар хайрладаг хүний тухай бод. Хариу нэхээгүй хайр гэдэг бол ямар нэгэн төгс хайр юм уу эсвэл шаналал үүсгэдэггүй хайр. Өөрийгөө үл тоож танд ямар нэгэн байдлаар хайртай байсан хүн гэсэн үг. Хэрэв таныг ямар нэгэн хариу нэхээгүй хайрласан хүн санаанд чинь орохгүй бол та өөрийнхөө бусдад хариу нэхээгүй хайраа өгсөн хүнийхээ тухай бод.
  6. Хариу нэхээгүй хайр бол халуун дулаан, баяр баясал авчирдаг гэдэгт итгэж удаанаар амьсгалаа авч гаргаж суу. Хариу нэхээгүй хайрын хүч чадлыг мэдэр, та өөрөө ямар нэгэн төгс хүн биш, алдаа дутагдалтай ч бусдад хүлээн зөвшөөрөгдөж, халамжлуулж байгаа тухайгаа бод.
  7. Өөрийнхөө сайн, халамжилдаг хүнийхээ тухай бодож тэр хүндээ хариу нэхээгүй хайраа өгч байна гэж бод. Тэр хүндээ таны өгч буй бэлэг чинь өөр нэгэн хүний танд өгч буй бэлэгтэй нэгэн адилаар бусдыг анхаарч, хамгаалж байгаа сэтгэгдэлийг төрүүлнэ.
  8. Хариу нэхээгүй хайрыг өгч буй тэр хүнийхээ хүлээн авч буй мэдрэмжийн тухай бодонгоо чамд өөр хүнээс ямар нэгэн хариу нэхээгүй хайр ирвэл ямар мэдрэмж төрөхийг бод.
  9. Өөрийн алдаа дутагдал, төгс бус байдлаас үл шалтгаалан өрөөл бусад хүн чамайг халамжилж, хамгаалж, хайрлаж байгаа тухай бодоод энгийн харилцаатай байдаг нэгэн хүний тухай бод. Тэр хүндээ хариу нэхээгүй хайраа өгч байна гэж төсөөл. Тэр хүндээ аз жаргалтай амьдралыг хүсч, аль болох зовлон зүдгүүр бага туулаасай гэж бод. Зүрхэндээ тэр хүнээ тээгээд ирээдүйг нь төсөөл. Түүний аз жаргалтай байгааг мэдэр. Тэр аз жаргалтай мэдрэмжээс халуун дулааныг нь өөртөө мэдэр.
  1. Тааламжгүй харилцаатай эсвэл сөрөг мэдрэмж авдаг хүний тухай одоо бод. Дийлэнх тохиолдолд хүмүүсийн хийж буй үйлдэл нь тухайн хүний өвдөлтөөс үүдэлтэй байдгийг ойлго. Алдаа дутагдалтай, төгс бус хүн бүр ямар нэгэн байдлаар зовж, алдаа гаргадаг. Тэднийг өөртэйгээ адил гэж хүлээн зөвшөөр. Танд өөрийнхөө амьдралд хариу нэхээгүй хайраа өгсөн хүний тухай бод. Танд өгсөн тэр хайр ба хүлээн зөвшөөрсөн үйлдэл нь хэрхэн нөлөөлсөн тухай бод. Яг түүнтэй ижил хариу нэхээгүй хайрыг та өөрийнхөө тааламжгүй харилцаатай байдаг хүндээ өг.
  2. Өөртэйгээ таарч буй хүн бүрийг чи өөр шигээ алдаа, дутагдалтай, төгс бус хүн учраас алдаа хийж, буруу замаар явж, бусад хүнийг гомдоодог ч хайр амсах эрхтэй гэдгийг ойлго. Ухамсартайгаар бусдад хариу нэхээгүй хайрыг амсуул. Бодол санаандаа тухайн хүнийг хайр, энхрийлэл, халуун дулаанаар эрхлүүл. Тэдний хүлээн авч буй хариу үйлдэл огт хамаагүй.

Хамгийн чухал зүйл бол та өөрийн сэтгэл зүрхээ нээх чадвартай байх юм. Нээлттэй зүрх сэтгэл бол бусадтай холбогдох замаар бүхнийг өөрчлөх увдис чадалтай.

Зорилгоо тодорхойлох

  1. Нам гүм өрөөнд нүдээ аниад суу.
  2. Өөрийн зорилго эсвэл хүрэхээр төлөвлөж буй зүйлийнхээ тухай бод. Хүрэх гэж буй зорилгодоо хэрхэн хүрэх арга зам чинь тодорхой байх албагүй. Хамгийн гол нь тэрхүү зорилго зорилт чинь бусдад гай болохгүй, ямар нэгэн сөрөг сэдэлгүй байх ёстой.
  3. Биеэ бүрэн амраа.
  4. Амарч чадсан бол амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүл. Бодол санаагаа хоосол.
  5. Ямар нэгэн бодол орж ирвэл анхаарлаа эргээд амьсгал дээрээ л төвлөрүүл.
  6. Бодол санаагаа хоослохын тулд үргэлжлүүлэн амьсгалаа авч, гарга.
  7. Хүрэх гэж буй зорилго болон хүслийнхээ тухай дахин нэг бодоод түүндээ хүрч чадсан байна гэж бод. Тэр хором мөчийнхээ тухай зөөлөн амьсгалангаа үргэлжлүүлэн төсөөл.
  8. Хүсэл, зорилгодоо хүрч буй мэт тэр төсөөллөөс ялгарч буй эерэг сэтгэл хөдлөлийг олж мэдэр. Төсөөлөл чинь амьдрал дээр хэрэгжиж буй тэр мэдрэмжийг үргэлжлүүл. Зорилгодоо хүрч буй тэр төсөөллөөс үүдэлтэй эерэг мэдрэмжээ үргэлжлүүлэн сууж мэдэр.
  9. Зорилгодоо хүрч, түүнээс ундарч буй эерэг мэдрэмжийг мэдрэнгээ сууж чадсан бол нэмэлт хэсгүүдийг оруулж өг. Яг ямархуу харагдаж байна? Хаана байна? Хүмүүс чамд ямар хариу үйлдэл үзүүлж байна? Аль болох их хэсгүүдийг нэмж оруулан төсөөл.
  10. Өдөрт арваас гучин минут хүртэл нэгээс хоёр удаагийн давтамжтайгаар хий. Дасгалаа эхлэх бүртээ өөрийнхөө тавьсан зорилгодоо хүрч байна гэж төсөөлж эхэл. Мэдрэмжээ биен дээрээ ав. Төсөөлж буй мөчөө нэмэлт зүйлсээр баяжуул. Эхэн үед бүрхэг, тодорхойгүй санагдана. Дасгалаа хийх тусам төсөөлөл чинь улам тодроно.
  11. Энэхүү дасгалыг хийх тусам чиний төсөөлөл чинь далд ухамсарт сууж чиний зорилгыг улам баталгаажуулна. Юуг олж нээж, зорилгодоо хэрхэн хүрч буйгаа хараад чи өөртөө гайхах болно. Хамгийн чухал нь зорилгодоо л хүрэх. Яаж хүрэх нь огт сонин биш.

Төсөөлөл чинь бодит байдал болж хувирахын тулд зорилгоо тодоор тодорхойлох хэрэгтэй.

(Visited 20 times, 1 visits today)

Leave A Comment

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн