Сүүлийн үед дэлхийн хэрэглэгчдийг Clubhouse хэмээх гар утасны сошл медиа аппликэшн байлдан дагуулж байна. Одоогоор зөвхөн урилгаар ордог, Apple iPhone утсан дээр л ажилладаг дуу хоолойгоороо ярилцах боломжтой энэхүү аппликэшн дээр 2 сая гаруй хэрэглэгч бүртгэгдэж, 1 тэрбум ам.долларын үнэлгээтэй болоод байна. Andreseen Horowitz компанийн хөрөнгө оруулалт бүхий энэхүү апп-ыг саяхан Илон Маск ашиглаж ярилцлага хийх гэж байгаагаа жиргээнд зарласан нь асар их хүний анхаарлыг татсан хэрэг болсон. Миний хувьд гишүүнээр элсээд 7 хонож буй бөгөөд өнөөдөр паарины малгайгаа тайлсан тул өөрийн ажиглалтаа бичихээр шийдэв.

Clubhouse-ийн ажилладаг гол зарчим нь “орж-гарах” байдлаар тухайн мөчид шууд явагдаж буй клуб эсвэл үйл ажиллагааны өрөөнд орж хүмүүсийн яриаг сонсох, эсвэл гар өргөж микрофоноо нээлгэх эрх авч байгаад хүссэн асуултаа асуух, хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой. Амьдралын мөн чанар, дадал зуршил, старт ап компанийн хөгжил, хөрөнгө оруулалт татах гэх мэт хүссэн сэдвээрээ өрөө хайж олох эсвэл шинээр нээж ярилцлага өрнүүлэх боломж нь нээлттэй.

Гэвч подкастын зах зээлд ямар нэгэн аюул занал учруулж чадах болов уу?

Товчоор хариулахад тийм.

Подкастыг ихэвчлэн дасгал хийх, ажил/гэр-рүүгээ явах замд, алхаж байхдаа тус тус сонсдог. Яг түүнтэй адилаар хаана ч байхдаа Clubhouse-ийн өрөөнд ороод яриаг нь сонсох боломжтой. Гэхдээ Clubhouse-ийн нэг том давуу тал бол нэг урсгалтай биш, хоёр урсгалтай замын нэгэн адилаар “карентилагдаад гэртээ байгаа” хүмүүст өөрийнхөө үзэл санааг нээлттэй илэрхийлэх боломжийг олгож байгаа явдал юм.

Подкаст сонсогч нарын адилаар дараахь зорилгоор хүмүүс clubhouse-ийг сонсох боломжтой:

  • шинэ зүйл сонсож мэдэх
  • зугаацах
  • бусад хүмүүстэй амьд харилцаа үүсгэх
  • өөрийгөө сатааруулах

Подкастуудын хувьд харилцан яриа байдлаар эсвэл зөвхөн нэг талаас мэдээлэл өгөх байдлаар явагддаг түгээмэл хоёр хэлбэртэй. Харилцан яриа байдлаар явагддаг подкастуудын хувьд clubhouse нь томоохон өрсөлдөгч байж чадахуйц байгаа. Жишээ нь: [гадаадын] дэлхийд алдартай номны зохиогч, сүүлийн жилүүдэд амжилттай хөрөнгө оруулалт хийж буй бизнесмэн, нэр хүнд нь гэрлийн хурдаар өсч буй уран бүтээлч, эрүүл амьдралыг эрхэмлэгч инфлюнсерүүд гэх мэт хүмүүсийн нээсэн өрөөнүүдэд сонсогч нар асар олноороо орж яриаг нь сонсч, асуултаа тэр дор нь асуугаад авах боломж бүрдэж байгаа харагдсан. Өчигдөр л гэхэд Andreesen Horowitz компанийн үүсгэн байгуулагч Ben Horowitz өрөө нээгээд асуулт асуух эрхийг хүмүүст олгоход сонсогч нарын тоо шууд л 5000 хүрч, өрөөний хүний тоо дүүрээд гадаа нь хүмүүс очерлох шаардлагатай болсон. Мөн манай Fantastic Production-ийн уран бүтээлчид фэнүүдтэйгээ өрөө нээгээд асуулт, хариулт явуулахад 2000 гаруй монголчууд цуглаж байгаа харагдсан.

Clubhouse-ийн хязгаарлалтууд

Одоогоор Clubhouse-т дараахь боломжууд хязгаарлагдмал байгаа ажиглагдав:

  • Подкастуудыг цаг хугацаанаас үл шалтгаалан хэзээ ч сонсох боломжтой байдаг бол Clubhouse-д өрнөж буй яриаг та тухайн мөчид нь шууд байдлаар л сонсох боломжтой. Өөрөөр хэлбэл та нэг бол сонсож чадна, эсвэл сонсож чадахгүйгээр алдана.
  • Clubhouse-ийн өрөө нь 5000 хүний суудлын хязгаартай, энэ нь хэт олон хүнийг нэг дор цуглуулах боломжийг хязгаарлаж байгаа том чөдөр болж байх шиг.
  • Clubhouse нь “орж гарч байдаг” онцлогтой тул аливаа сонсогч нарын зүгээс подкаст сонсохдоо эхнээс нь дуустал нь сонсож байж тархин дотроо логик дээр суурилсан боловсруулалт хийж өөртөө үнэлэлт, дүгнэлт өгөх байдлаар ханддаг. Гэвч Clubhouse-т хэзээ ч орж, хэзээ ч гарч болох тул өрөөнд өрнөж буй гол яриа, олон ургалч санааг эхнээс нь дуустал л сууж сонсохгүй бол энэ бүхэн боломжгүй мэт.
  • Одоогоор Clubhouse нь апп дотроо мөнгөжүүлэх боломжийг олгоогүй болон өрөөнд байх хүний тооны хязгаар зэргүүд нь контент бүтээгчдийн хувьд өөрийн бүтээлч байдлыг өрөөнүүдэд ашиглах сэдэлийг төрүүлэхгүй байгаа байж болох.
  • Өрөөнүүд дотор өрнөж буй хэлэлцүүлэг, сэдэвүүд нь зарим тохиолдолд сайтар судлагдаагүй байх тохиолдол түгээмэл. Энэ нь сайн болон сул хоёр талтай. Тиймээс яриа өрнүүлж буй хүнээ сайтар мөлжиж авах нь модератор эсвэл ярилцагчийн ур чадвартай шууд холбоотой.
  • Зарим контент бүтээгчдийн хувьд өөрийн хийж буй зүйлсээ олон нийтэд сурталчилах бол зорилтот зах зээлдээ чиглэсэн подкастыг хийж олон мянган хүнд хүргэх нь нэг өрөөнд сууж тодорхой хязгаарлагдмал хүмүүсийн хүрээнд чиглэснээс илүү үр дүнтэй гэж үзэж байгаа хандлага байна.

Clubhouse-ийн энэхүү хязгаарлалтуудыг цаашдын апп-ын сайжруулалтаар улам илүү хөгжүүлэх боломж бий гэж харж байна. Эс бөгөөс facebook, twitter мэтийн томчууд аль хэдийнээ Clubhouse-тай өрсөлдөхүйц бүтээгдэхүүн дээр ажиллаж байгаа сураг гарсан.

Саяхан нэг монгол сэтгүүлчдийн өрөөнд орсон чинь шинээр ороод удаагүй бололтой тоглоомын дүрэм, журамтайгаа танилцаж байгаа сонсогдсон. Харин нэг туршлагатай хэрэглэгч орж ирээд Clubhouse-ийн нэг чухал дүрмийг тэдэнд танилцуулсан. Хэрэв тухайн өрөөний хэлэлцүүлэгт оролцогчдыг өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр яриаг нь бичиж авсан тохиолдолд тухайн бичлэг хийсэн хэрэглэгчийг болон түүнд урилга явуулж оруулж ирсэн хоёр хэрэглэгчийг хамтад нь Clubhouse-аас хөөдөг дүрэмтэй. Хэрэглэгчдийн зүгээс аливаа яриа нь бичигдэхгүй болохоор сэтгэл амар яриа дэлгэж, хууч хөөрөх боломжийг олгож байгаа нь бас нэг онцлог байж болох.

Дүгнэлт

Хэрэв та өөрийн подкасттай, тэр дундаа зочин урьж яриа хийдэг хэлбэрээр явуулдаг бол Clubhouse гарч ирсэнээр нэгэн шинэ уур амьсгалыг оруулж ирж байх шиг. Хэдийгээр подкастыг шууд орлуулахуйц хэмжээнд одоогоор байж чадахааргүй байгаа ч ирээдүйд хэр зэрэг олон чихийг подкастаас холдуулж Clubhouse-т татахыг цаг хугацаа л харуулах байх.

(Visited 170 times, 1 visits today)

Leave A Comment

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн