Дэлхий дээр далайн түвшний 8000 метрээс дээш өндөртэй 14 уул байдаг бөгөөд энэхүү 14 уулын бүгдийх нь оргилд гарсан дэлхийн рекорд хугацаа өмнө нь 8 жил байсныг Nimsdai Purja хэмээх Непал гаралтай Английн иргэн залуу 6 сар 6 өдрийн дотор 2019 онд шинэчлэн тогтоожээ. Уг аялалынхаа тухай бичсэн “Beyond Possible” номны сүүл хэсэгт оруулсан “Үхлийн бүсээс ойлгож ухаарсан зүйлс” бүлгийг тоймлон орчуулан хүргэж байна.

Жич: Ойрд hard copy-оор нь ном барьж уншаагүй, шинэ жилээр бэлгэнд ирсэн энэ номыг 3 хоногт машиндав.

Үхлийн бүсээс ойлгож ухаарсан зүйлс”

Манлайлал бол үргэлж чиний юу хүсч байгаа тухай байж болохгүй
Даулагири уулын энгэрт орших анхны зогсоол (base camp)-д ирэх үед манай багийн зарим нэг гишүүд айхтар ядралттай, туйлдсан байгаа нь илт байв. Биеийн ядралт эцэстээ тулчихсан, сэтгэл санаа уналтын байдалтай. Миний хувьд зүв зүгээр байсан хэдий ч багийн гишүүдээ ийм нөхцөл байдалтай байгаа үед нь улам шахаж хэрэггүй гэдийг ойлгосон. Олуулаа ууланд авирч байгаа үед хэрэв таны хурд бусдынхаасаа илүү байвал авиралт их амархан санагдаж удахгүй танай бусад гишүүд танд чирэгдэж эхэлнэ. Энэ үед тэдний нүдээр та бол “хувиа хичээсэн, хэт их амбицтай нөхөр” болж хувирна. Ийм тохиолдлын дараа таны үгийг дагаж сонсох хүн үгүй болж багийн гишүүдийн зүгээс ямар ч зүтгэл гаргах урам алга болдог. Тиймээс өөрийгөө тэдний оронд тавьж үзэх нь чухал. Бидний хувьд эхний зогсоол дээр ирсэний дараа түр хугацаанд амрах шийдвэр гаргаж аль болох богино хугацаанд нөхөн сэргэлт авахыг хичээсэн. Хэдийгээр хугацаа алдаж түүнийхээ үр дүнд нь таагүй цаг агаартай нүүр тулж үлдсэн авиралтаа хийж дуусгасан ч дараа дараагийн 6 сарын авиралтаа багаараа амжилттай дуусгахад энэхүү шийдвэр голлох үүрэгтэй байсан гэж боддог.

Өндөр ууланд авирахад жижиг зүйлс хамгийн чухал ач холбогдолтой
8000-аас дээш метрийн өндөртэй ууланд авирахад өөрт ирэх ачааллаа багасгахын тулд хэд хэдэн арга техникийг эзэмшсэн. Үүний нэг нь нүүрэндээ хамгаалалтын алчуур (buff) зүүх бөгөөд ингэснээр нүүрээ нарнаас болон хүйтнээс хамгаалахад тустай байдаг. Гэвч нэг хэцүү тал нь амьсгалаас шалтгаалж нүдний шилийг ихээр цантуулдаг. Үүнийг шийдэхийн тулд би амьсгаа авах болон гаргах аргаа өөрчилсөн. Уруулаа жимийнгээ хамраараа амьсгаа авч гаргах үедээ доош гаргах нь шил цантахаас сэргийлдэг. Хэдийгээр жижиг зүйл мэт санагдавч өндөр уулын оройд биеийн дулаан алдагдахаас сэргийлж бээлийгээ тайлж шил арчих алчуур олж авах (8000 метрийн өндөрт хийхэд тийм ч амар ажил биш шүү) мэтийн ажлаас намайг чөлөөлж буй юм.

Урдаа байгаа сорилтыг хэзээ ч бүү басамжил
Аргентин улсад орших Андын нурууны Аконкагуа хэмээх дэлхийн Долоон Ноён Оргилын нэг 6961 метр өндөртэй ууланд авирах үедээ өөртөө хэт бардамнаж том алдаа гаргасан. Үхлийн Бүсэд авирах гэж буй уулчдын хувьд Аконкагуаг сонгож туршилтын маягаар өөрсдийгөө сорих авиралт хийдэг. Бусад уултай харьцуулахад аливаа олс болон нэмэлт хэрэгсэл шаардлагагүй, зөвхөн алхсаар байгаад гардаг гэдгийг сонсоод харьцангуй хялбар гэдэг ойлголттой болчихсон байв. Уулчдын захиалж үздэг сонин, сэтгүүлүүдээс ч харж байхад настай хосууд, бага насны хүүхдүүд хүртэл Аконкагуад авирч байгаа гэрэл зургууд байгааг олж хараад сэтгэлээр тайвширч ямар ч нэмэлт бэлтгэлгүй зузаан хувцасгүйгээр тус уулыг зорьчихож билээ. Зуны улирал болж байсныг ч хэлэх үү, уулын өмд, ус нэвтэрдэггүй куртка, уулын гутлаа л авсан. Гэвч ууландаа авирах гээд Пенитэнтэс цогцолборт ирэхэд цас орж эхэлж байв. Аконкагуа нь нилээд алслагдмал уул бөгөөд 11 цаг явж байж уулын энгэр дахь эхний зогсоолд хүрдэг. Ганцаараа авирч байсан тул газрын зураг, луужин ашиглаж хүрэх газраа хүрсэн. Учир нь хүмүүсийн явдаг зам, жимүүд нь бүгд цасанд дарагдаад харагдахгүй болсон байсан. Уулын энгэрт очиход тэнд байсан уулчид оргил руу зүтгэсэн ч цаг агаарын тогтворгүй байдлаас болоод буцаад буугаад ирчихсэн байсантай таарав. Асар хүйтэн, цасны нуранги үүсэх асар их эрсдэлтэй болсон байв. Тэнд байсан уулчдаас өөрийнхөө авчирсан гутал болон куртканаас илүү чанартайг зээлж авч өмсөөд оргил руу мацав. Харьцангуй амар бүтчихнэ гэж тооцоолж байсан миний анхны авиралт асар хүнд нөхцөлд болж өрнөсөн. Оргилд гарахаас 300 гаруй метрийн өмнө би бараг л бууж өгөх шахсан. Хүчилтөрөгчгүйгээр өндөрт гарсан байсан тул нүд бүрэлзэж ухаан алдах гэж буй мэдрэмж төрж байв. Авч явсан уух юмнаасаа уугаад шоколадаа идэж аваад эцсийн зайгаа туулж ноён оргилд гарч чадсан юм. Түүнээс хойш аливаа зүйлд өөрөөсөө шалтгаалах бүх л зүйлийг судалж, төлөвлөж байх ёстойг ухаарч, өөртөө итгэлтэй байх хэрэгтэй ч хүндлэл үзүүлж байх ёстой юм байна гэдгийг яс махандаа тултал ойлгож билээ. Ингэснээр таны цаашдын замд ямар нэгэн гэнэтийн сюрприз гарч ирэхгүй.

Итгэл найдвар бол бурхан юм
Би хүүхэд байхдаа гүйлтийн тэмцээнд орж хожигдчихоод шарандаа шөнө дөлөөр босч гүйж бэлтгэлээ улам сайн хийдэг байж билээ. Дараа нь Гүрка (непал цэрэг)-д байхдаа ч энэ сэтгэлзүйгээрээ ажилласан. Бэлтгэлийн хүрээнд 30 км гүйх ёстой бол би гүйж дуусчихаад нэмж 20 км гүйдэг байсан. Яагаад гэвэл Тусгай Хүчинд хамгийн шилдгийг л авах байсан тул. Ажил бол миний хувьд сүм болж хувирсан бөгөөд өөрийнхөө бүхий л нөөцийг үүндээ зориулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл зүгээр нэг бодоод, мөрөөдөөд, төсөөлөөд суух биш харин өөрийнхөө өмнөө тавьсан зорилтдоо хүрэхийн тулд ямар нэгэн бодитой үйлдэл хийх ёстой юм.

Хүний мөн чанар үхлийн ирмэгт тулсан үед л жинхэнэ танигдана
Олон олон цэргүүд их том том юм ярьдаг. Өөрийгөө яаж баатарлаг байсан тухайгаа магтаад л. Гэвч байлдааны талбарт бууны сүм дүрэлзэж эхлэхэд тэд аль хэдийн буланд нуугдаад суучихсан байдаг. Үүнтэй адил зан чанар ууланд авирахад ч мөн ажиглагдана. Уулын энгэр дахь эхний зогсоолд цаг агаар сайхан байх үед тэнд байгаа уулчид уулын оргилыг хэрхэн баатарлагаар эзэлж авирах тухай саймширна. Цаг агаар муудаж хувьдаа илүү анхааралтай, сахилга баттай байх үе тулгарахад тэд балмагдаж эхэлдэг. Ингээд зэс нь цухуйж эхэлнэ дээ. Хувиа хичээсэн үйлдэл гаргах, өөрт оногдсон үүргээ биелүүлэхгүй байх, хамт яваа бүлгийнхээ аюулгүй байдлыг уландаа гишгэж үл тоомсорлох гэх мэт.

Хар дарсан зүүд мэт үйл явдлыг эерэг талаас нь ашигла
Эверэст, Лхоцэ, Макалу зэрэг ууланд нэгэн дайралтаар авирч байх явцад миний хүчилтөрөгчийг уулнаас хулгайлсан тохиолдол гарсан. Хэд хэдэн зогсоолуудад тараагаад үлдээхийг захисан боловч бүгд байсангүй. Эхлээд би асар их уурласан ч, өөрийгөө тайван байлгах нь чухал гэдгийг ойлгож байв. Хүчилтөрөгчгүй бол оргилд гарах энергигүй болох болон бусад эрүүл мэндийн эрсдэл үүсэх магадлалыг нэмэгдүүлж буй юм. “Магадгүй өндрөөс болж бие нь муудсан хүнд миний хүчилтөрөгч хэрэг болсон юм байлгүй” гэж бодож өөрийгөө тайвшруулж байлаа. 8000 метрийн өндөрт амьд үлдэх хамгийн том арга бол өөрийн бодол санаагаа эерэг байлгах юм.

Одоо байгаа хором мөчдөө 100 хувь өөрийгөө дайчил
Яагаад гэвэл танд байгаа бүх зүйл чинь энэ л юм. 14 Үхлийн Бүсийн оргилд гарах зорилго тавиад ажиллаж байхдаа би тухайн авиралт хийж буй аялалдаа хамаг анхаарал, бодол санаагаа зориулдаг байсан. Дараа дараагийн аялал, авиралт бол болох үедээ л болно гэдэг байдлаар хандаж байв. Хэрэв анхаарал сулраад, ямар нэгэн эрсдэл үүсвэл маргааш гэж зүйл хэзээ ч байхгүй гэдгийг ойлгож байсан учраас тухайн хором, мөч бүртээ өөрийгөө дайчилж төвлөрч ажилладаг байлаа.

Хэзээ ч бүү худал ярь, хэзээ ч шалтаг бүү тооч
2017 онд нэгэн танил Нишал намайг нисдэг тэргээр Намчи Базаараас Макалу уулын 2 дахь зогсоол руу үнэгүй хүргэж өгөхийг санал болгосон ч би татгалзсан. Тусламжийг нь зөвшөөрсөн тохиолдолд би Эверэстэд хоёр удаа авирсан, Лхоцэ болон Макалуд нэг улирал дотор авирсан анхны уулчин болох байв. Нишалаас бусад нь намайг яаж тэгж товчилсныг мэдэхээргүй байсан ч би хувьдаа өөрийгөө хуурч байгаагаас ялгаагүй гэж үзэж тэр саналаас татгалзсан. Шалтаг хайх амархан. Архи, тамхинаас гарах гэж буй хүмүүс ямар нэгэн шалтаг хэлээд л байгаад л байдаг. Гэвч өөртөө худал хэлж хуурах нь өмнөө тавьсан зорилгоо биелүүлж чадахгүй байгааг илтгэнэ. Нэг л удаа тийм зүйл тохиолдоод эхэлчих юм бол цаашид зогсолтгүй үргэлжилж байнга л давтагдана. Би өөртөө нэг цаг гүйнэ гэсэн зорилт тавьсан бол бүтэн нэг цагаа дуустал гүйж байж болино. Бэлтгэлийн үед 300 удаа суниана гэж зорьсон бол тэрийгээ гүйцээж байж л зогсоно. Замын дундаас няцаж ухарсантайгаа би л лав эвлэрч амьдарч чадахгүй. ЧИ ч гэсэн огт эвлэрч болохгүй.

Уншигчийн зүгээс хувийн бодол: асар их эрсдэлтэй уулын спортоор хичээллэдэг хэрнээ ямар нэгэн шашин шүтлэггүй гэдэг нь сонирхолтой санагдсан.

(Visited 81 times, 1 visits today)

1 Comment

  1. Hantulga - Site Author 8 2 сар, 2021 at 2:30 pm

    Testing to see if it works for me.

    Reply

Leave A Comment

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн