Australia Day-ийн амралтыг тааруулаад Виктория мужийн Мельбүрн хотод амьдардаг найзындаа зочлонгоо өмнө нь очиж үзээгүй байсан хэд хэдэн газраар аялах төлөвлөгөө гарган замд гарав. Сүүлийн хоёр жил тасралтгүй Австралийн Нээлттэй газрын тенисний Их Дуулгын тэмцээнийг үзсэн ч, энэ жил цар тахалаас болоод эхлэх хугацаа нь хойшлоод боломж олдсонгүй.

Phillip Island

The Nobbies

Мелбүрн хотоос зүүн урд зүгт байрлах машинаар 2 цаг зарцуулдаг Phillip Island-д байрлах Nobbies Centre-т очиж Антарктидын тухай музейгээр зочлов. Мөн орой нар жаргах үед оцон шувууны хэрхэн далайн уснаас эх газарт гарч ирэх мөчийг асар ойроос харах боломж олдсон. Биднийг очихын өмнөх өдөр нь 1840 оцон шувуунууд гарч ирсэн гэж байсан бол бидний очдог орой хэд гарч ирсэнийг мэдэж амжаагүй. Оцон шувууны нүд нь их эмзэг байдаг тул ямар нэгэн гэрэл зураг дарахыг хориглодог юм билээ. Ашгийн төлөө бус байгууллага гэхэд зочдыг угтах байр, байрны тохижилт, үйлчилгээ гээд л их сайхан сэтгэгдэл төрүүлэхүйц байдлаар бүтээн байгуулалт хийсэн байна лээ. Манайд ч гэсэн Хустайн нуруу мэтийн жуулчид болон дотоодынхон очих боломжтой газруудыг иймэрхүү байдлаар бүтээн байгуулалт хийвэл их л нэмэртэй санагдсан.
Оройн хоолоо тус арал дээр байрлах Cowes Beach гэдэг газарт очиж идсэн бөгөөд хүний хөл хөдөлгөөн их гэж жигтэйхэн байв. Хоолондоо очерлоно, бичүүлсэний дараа хүлээнэ гээд л. Ямар сайндаа бид хоорондоо австралид ирсэнээсээ хойш харсан хамгийн завгүй газар энэ байна шүү гэж ярилцаж байлаа. Тэнгэр ч биднийг ивээж, гадаа халуун тааламжтай цаг агаартай байв.

Grampians National Park

Мелбүрнээс баруун хойд зүгт 270км зайд байрлах байгалийн үзэсгэлэнт тус газарт очиход нэг талдаа 3 цаг хагасыг зарцуулав. Ирж, очих замдаа Балларат болон Арарат зэрэг томоохон хот, суурин газруудаар дайрч гарсан. Найзын зөвлөсөн “заавал очих газар”-ыг алгасч болохгүй гэж шийдээд өдөртөө ирж, очих давчуу хөтөлбөртэй байсан тул өглөө эрт босч очих газартаа цаг их зарцуулах үүднээс сэндвичээ бэлдээд замдаа гарсан. Boroka Lookout, Reed Lookout, MacKenzie Falls зэрэг газруудад очсон. Үнэхээр эрүү унам үзэмжтэй, байгалийн сайхан тогтоц газар байна лээ. Дээрхи зургийг Boroka Lookout дээрээс авахуулсан. Мөн хүүхдүүдтэйгээ Mackenzie хүрхрээ рүү шатаар буугаад, цаашаа Fish Falls -руу нэмэлт алхалт хийгээд буцаад дээшээ өгсөөд ирэхэд ийм болсон:

Өдөртөө буцна гэхээс онцгүй санагдаж байсан ч дараагийн удаа ирэх бодол өвөртлөөд л буцсан даа. Хэдийгээр 25 градус үүлэрхэг байсан ч удаан алхаад ирэхээр нилээд их халууцах шинжтэй, усаа дүүргэх цэгүүд огт байгаагүй тул цэвэр усан дээрээ алаан болсон.

Mornington Peninsula -руу жийв

Цар тахал гарснаас хойш дугуй унах шинэ хоббитой болсон. Мелбүрнд байдаг найз Баянаагийн хамт өөрсдийн өмнө нь үзүүлсэн 100км+ дугуйтай явсан амжилтаа ахиулаад 200км хүргэж үзье гэж тохиролцоод 1-р сарын 23-ны өглөө 11 цагт 2 уулаа дугуйтайгаа гэрээсээ гараад Mornington Peninsula-ийн Sorento гэдэг газар 100 орчим км явж очоод тэндээ хэсэг амарч хоол идчихээд буцаад оройдоо 23 цагт гэртээ орж ирэхэд 198км болсон байв. Хэдийгээр 200км хүргэхэд асуудалгүй байсан ч 198 дээрээ байвал гоё өвөрмөц ч юм уу гэж ярилцаад тэнд нь орхисон.

200км хүргэж амжилгүйгээр замдаа шантрах үе гарч байсан ч, хоёр биенээ хурцалсаар зорьсон зорилгоо амжилттай биелүүлж чадсандаа их баяртай байлаа. Ийнхүү өөрийгөө дахин нэг удаа ялан дийлж чадлаа.

Mornington Peninsula

London Bridge

Өмнө нь дугуйтай ирэх гээд арай хүч хүрээгүй Mornington Peninsula-ийн London Bridge хэмээх үзэсгэлэнт хад бүхий газарт хамт олноороо ирэв. Далайн эрэгт бага зэрэг саатаад өвөрмөц тогтоц бүхий London Bridge хадны дэргэд зургаа татуулчихаад цааш үргэлжлүүлэн Point Nepean National Park оров. Нилээн наана нь машинаа тавиад цааш алхдаг бөгөөд гэртээ хариад хүүгийнхээ алхалтыг хартал аль хэдийн 21к болсон байлаа. Fort Nepean хэмээх газар нь дайны үед батлан хамгаалах техник хэрэгслүүдийг байрлуулан ашиглаж байсан түүхэн дурсгалт газар аж. Дайн байлдаан сонирхдог хүүд маань их таалагдав. Нааш цааш алхсаар бараг 3 цаг зарцуулсан хамтлагийн гишүүд бүгд ядарч өлсөөд харих замдаа Sorento орж Noodle Bar-нд хооллоод гэрийн зүг давхив. Харих замд машинаар нэг цаг гуч орчим минут зарцуулдаг бөгөөд ийм хол замд дугуйтай явсан гэхэд хамтлагийнхан итгэж өгөхгүй байлаа.

(Visited 15 times, 1 visits today)

Leave A Comment

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн