Jocko Willink & Leif Babin нарын бичсэн “Extreme Ownership: How U.S. Navy SEALs Lead and Win” номыг 2020 оны дундуур аудио хэлбэрээр анх сонссон. Дайн байлдааны үеийн арга ухаан, сэтгэлгээ, тактикийг бизнесийн орчинд хэрхэн хэрэгжүүлж болох тэр дундаа манлайлагч нар цэргүүдийн ямар ур чадварт суралцах ёстой ухай бичсэн энэхүү номноос өөрт “цохилт” өгч таалагдсан хэсгээс хүргэе. Энэ номыг уншиж дууссанаас хойш манай бизнесийн салбарт хамгийн ихээр дутагдаж байгаа зүйл бол аливаа алдааг өөрөөсөө бус, бусдаас дандаа хайж бусдад буруугаа наадаг зан илүү нийтлэг болоо юу даа хэмээн ажиглагдсаныг энд тэмдэглэе.

2 дугаар бүлэг: Муу баг гэж байдаггүй, зөвхөн муу манлайлагч л гэж бий

Extreme Ownership: How U.S. Navy SEALs Lead and Win

Коронадо, Калифорни: Анхан шатны усан доорхи бэлтгэл сургуулилт

“Ялагч болохын тулд хөдөлмөрлөх ёстой!” хэмээн хөх ба алтлаг өнгийн цамцтай тэнгисийн цэргийн сургуулилтын багш чанга яригчаар орилов. Энэ бол алдарт Тамын Долоо Хоногийн гурав дахь шөнө байлаа. Оюутнуудын хувьд тартагтаа тултал ядарсан, ясандаа тултал норсон, элсээр хучигдсан байдалтай байлаа. Далайн хүйтэн ус болон Өмнөд Калифорнийн жихүүн салхинд дааран дагжин чичирнэ. 72 цагийн турш тасралтгүй биеийн хүчний хүнд дасгалуудыг ар араасаа хийсэн тэдний хувьд хөдлөх бүр нь өвтгөж зовиурлана.

Тамын Долоо Хоног бол биеийн хүчний сорил биш юм. Энэ бол сэтгэлзүйн шалгуур. Оюутнууд дундаас биеийн хүчний хувьд хамгийн сайн бэлтгэлтэй нь Тамын Долоо Хоногийг давж чадахгүй тохиолдол ч бий. Оюутнуудын амжилттай байх эсэх нь тэдний шийдэмгий байдал, хүсэл тэмүүлэл зэргээс гадна баг дотроо хэрхэн харилцах, инновацлаг байж чадах эсэхтэй шууд холбогдоно. Ийм төрлийн бэлтгэл сургуулилтыг давж гарсан залуус бол биеийн хүчний хувьд бусдаас илүү байж чадаад зогсохгүй сэтгэн бодох чадвар нь өрсөлдөгчөөсөө илүү болж бэлтгэгддэг.

Хэдхэн жилийн өмнө би өөрийн Тамын Долоо Хоногийг 101 оюутны хамтаар эхлүүлсэн бөгөөд бидний 40 нь л үлдэж амжилттай төгссөн. Хамгийн авьяаслаг тамирчид, хамгийн их чалчигч нар хамгийн түрүүнд бууж өгцгөөсөн. Аливаа хүний биеийн хүч, сэтгэлзүй бол бидний бодож байгаа хэмжээнээс хэд дахин илүү ачаалал даах чадвартай юм байна гэдгийг төгсөгчдийн хувьд олж анзаарч өөрсдийгөө дайчилж чадсан. Тиймээс ч Тамын Долоо Хоног нь хүнийг ядрааж, нойргүйгээр амьтан болгоход чиглэсэн эд юм.

Харин би одоо Тэнгисийн цэргийн (SEAL) зааварлагчийн алтан хөх өнгийн цамц өмсч байна. Иракд хоёр удаа байлдааны ажиллагаанд оролцсон. Үүний дараа Тэнгисийн Байлдааны Сургуулилтын Тусгай Төвийн Анхан шатны сургалтын хөтөлбөрийн зааварлагчаар ажиллахаар томилогдсон. Уг ажлын хажуугаар Тамын Долоо Хоногийн зааварлагчаар мөн ажиллана. Зааварлагч нарын гол ажил бол хэн нь SEAL болох чадваргүй вэ гэдгийг эртнээс таньж тэр хүнтэй тулж ажиллах явдал байдаг. Тамын Долоо Хоногийг зааварлагчийн хувиар ажиглана гэдэг бол миний хувьд цоо шинэ өнцөг байлаа.

Оюутнуудын өндрийг харгалзан завьны багуудад хуваарилан баг тус бүрт 7 хүн ноогдов. Баг тус бүрт жижиг хийлдэг завь хуваарилагдав. Америкийн Тэнгисийн цэргийн хэллэгээр “жижиг” ч бодит амьдрал дээр асар том, гараар зөөврлөхөд айхтар хүнд эд байлаа. Хар резинен материалтай, шар хүрээтэй энэхүү завь нь бараг л 100 орчим кг жинтэй. Ус, элсээр дүүрээд ирэхээрээ даагдахгүй хүнд гэж жигтэйхэн.

Завьны баг тус бүрт хамгийн өндөр албан тушаалтай нь багийн ахлагчаар томилогдож зааварлагчаас авсан тушаалыг биелүүлэх, мэдээлэл дамжуулах, удирдан чиглүүлэх үүрэгтэй. Завьны багийн гүйцэтгэл нь ахлагчийн үүрэг хариуцлага байлаа. Завьны багийн гишүүн бүр хөдөлмөрлөж оролцох ёстой хэдий ч зааварлагч нарын зүгээс багийн ахлагчийг илүү онцолж ажиглаж байдаг.

Уралдаан эхэллээ. Энэ удаагийн уралдаанд илт давуу байдлаар Хоёрдугаар баг хошуучлав. Уралдаан тус бүрт ялалт байгуулах шахаж, эсвэл ялж байлаа. Тэд өөрсдийгөө бүрэн дайчилж, багаар ажиллаж, бие биетэйгээ ойлголцож чадаж байлаа. Багийн ахлагч нь хүчирхэг байж багийн гишүүд нь урам зоригтой оролцов. Бусад гишүүдийнхээ сул талыг нөхөж ялалтаа хамдаа тэмдэглэж байв. Ялсан багийн шагнал болох амралтын хэдхэн минутаа амтархан эдлэв. Хэдий Хоёрдугаар багийн гишүүн ядарч туйлдан, хүйтэнд осгох гэж байгаа ч нүүрэнд нь инээмсэглэл тодорч байлаа.

Зургадугаар баг харин түүний эсрэг сөрөг үзүүлэлтээрээ тодорч байлаа. Уралдаан бүрт сүүл мушгиж бусдаасаа хол тасарч үлдэж байв. Багаараа ажиллахын оронд хувийн тоглолт хийж нэг нэгэндээ уурлан хашгичаж хараав. Багийн ахлагч нь ч өөрийн хувийн өвдөлт, тааламжгүй байдалдаа хэт анхаарч байв. Багаараа муу ажиллаж байгааг мэдэж байсан ч түүний хувьд ямар ч зүтгэл гаргасан үр дүнг өөрчилж чадахгүй гэж бодож байсан нь багийнх нь амжилтнаас тод харагдаж байлаа.

Зааварлагчийн зүгээс “Зургадугаар баг, илүү их хичээж зүтгэх хэрэгтэй!” хэмээн чанга яригчаар орилов. Зааварлагчийн хараанд өртөх нь араасаа сөрөг үр дагавар дагуулдаг бичигдээгүй хуультай. Муу үзүүлэлтээрээ илт тодрон ялгарч буй Зургадугаар багийн гишүүдийг зааварлагчид маш сайн харж тохирох шийтгэлүүдийг оноож байв. Багийн ахлагч нь насны хувьд залуу, туршлага багатай нэгэн байсан бөгөөд яаж ч хичээсэн багаа хангалттай хэмжээнд манлайлж чадахгүй, багийн гүйцэтгэл нь муу хэвээр л байгаад байв.

Энэ үед зааварлагчдын багийн ахлагч сонирхолтой санал гаргаж “хамгийн сайн болон муу багуудын ахлагчдыг хооронд нь сольж үзье” гэв. Бусад бүх нөхцөл байдал хэвээр үлдэв. Хүнд бөгөөд зөөвөрлөхөд төвөгтэй завь, ядарч туйлдсан багийн гишүүд, цэв хүйтэн ус ба алхам бүрийг улам хүндрүүлэх элс гэх мэт. Зөвхөн багийн ахлагч нар л солигдов.

Миний хувьд Ямар нэгэн ялгаа гарах юм болов уу даа? хэмээн гайхав.

Ингээд Хоёр ба Зургадугаар багийн ахлагчдыг хооронд нь солих үүрэг өгөгдөв. Хоёрдугаар багийн ахлагч сэтгэл дундуур байгаа нь илт байв. Сүүл мушгихаас өөр ид шидгүй байсан Зургадугаар багийн ахлагчийн царайнд бага зэрэг сэтгэл амарсан байдал дүр зураг тодров. Түүний хувьд муу гүйцэтгэл нь өөрөөс нь бус зөвхөн багийн гишүүд нь муу байснаас л болсон гэж үзэж байв. Тиймээс сайн багийн гишүүдтэй нэг баг болсондоо баярлаж, одоо бол хүссэн хүсээгүй ялалт байгуулах юм шиг хүлээлттэй байлаа.

Багууд байраа эзэлж завьны уралдаан дахин шинээр эхлэв. Ширүүн давалгаанд цохиулан байж сэлүүрдэх завьны уралдаан нилээн өрсөлдөөнтэй болж барианд хоёр завь зуузай холбон орж ирлээ. Тэргүүн байранд Зургадугаар баг орж ирсэн бол аман хүзүүнд Хоёрдугаар баг орж ирлээ.

Итгэмээргүй гайхалтай үйл явдал болж Зургадугаар багийн хувьд баян ходоодоос нэгдүгээр байр хүртэл амжилтаа ахиулав. Ялалтаас өөрийг мэдрээгүй явсан Хоёрдугаар багийн хувьд мөн л сайн тэмцэлдэж барианд эхний байранд явсан завьтай тун ойрхон орж ирэв. Цуврал тэмцээн ч цааш үргэлжилж дийлэнх тэмцээнд Зургадугаар баг ялалт байгуулав.

Цочирдохуйц явдал гэхээс өөр юу гэхэв. Хэдхэн цагийн өмнө л хамгийн муу гүйцэтгэлтэй явсан багаас зөвхөн багийн ахлагчийг нь л солиход эрс өөрчлөлт гарч үлдсэн тэмцээнүүдэд ялалт байгуулаад эхлэв. Миний хувьд Зургадугаар багийг амжилт үзүүлж чадас эсэхэд эргэлзэж байсан ч арай ч ийм эрс өөрчлөлт гарна гэж бодоогүй. Энэ бол Extreme Ownership-ийн амин сүнс санааг дахин нэг жишээгээр нотолсон үйл явдал болсон юм. Муу баг гэж байдаггүй, зөвхөн муу манлайлагч л гэж бий.

Аливаа багаас ганцхан хүнийг (ахлагч) л солиход багийн амжилт яагаад ийнхүү эрс өөрчлөгдөв? Хариулт ойлгомжтой, манлайлал бол ямар ч багийн гүйцэтгэлтэй шууд холбоотой хамгийн чухал хүчин зүйл юм. Баг амжилттай байх уу, дампуурах уу гэдэг нь манлайлагчаас шууд шалтгаална.

БИЗНЕСТ ХЭРХЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ

“Extreme Ownership ойлголт надад их таалагдлаа. Манай компанийн хувьд хэрэгжүүлж болохуйц санагдав. Манай багт зарим нэг Extreme Ownership нь дутагдалтай хүмүүс бий, тиймээс бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна” хэмээн нэгэн компанийн гүйцэтгэх захирал (CEO) ярив. Миний зүгээс туслахад бэлэн байгаагаа илэрхийлээд CEO-ыг дагалдан хэсэг хугацааг хамтдаа өнгөрүүлэв. Тус компанийн удирдлагын багтай уулзалт зохион байгуулж манлайллын тухай хөтөлбөр зохион байгуулж бүх газрын захирлууд болон голлох манлайлагчдыг урьж оролцуулав.

Хөтөлбөрийг нээж CEO үг хэлэхдээ “Бид ялж чадахгүй байна. Тиймээс бидний хувьд Extreme Ownership хэмээх ойлголтыг өөртөө суулгаж сурах нь зайлшгүй чухал болоод байна. Энэ ойлголтыг хэрэгжүүлж сурвал бид ялахад ойрхон байна гэж үзэж байна. Тиймээс идэвхтэй оролцоорой” гээд өрөөнөөс гарав. Тус компанийн шинээр гаргасан бүтээгдэхүүнээс болж компанийн санхүү хүндрэлтэй байдалд орсоныг товчоор ийнхүү CEO дүгнэж ярив.

Extreme Ownership-ийн тухай зарим нэг ойлголтуудаас өөрийнхөө дайны туршлага дээр тулгуурлан хэрхэн багийн амжилттай шууд уялдаж байдаг тухай танилцуулж дуусаад газрын захирлууд болон менежерүүдтэй чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэв. “Та өөрийн удирдаж буй багтаа Extreme Ownership-ийг хэрхэн хэрэгжүүлж багаа амжилттай байлгах замаар компаниа ялалтад хөтөлж болох вэ” гэж би асуув.

Тус компанийн голлох захирлуудын нэг болох технологийн газрын захирал (СТО) өөрийгөө өмөөрсөн, хаацайлсан байдал гаргав. Компанийн сүүлд гаргасан шинэ бүтээгдэхүүнийг өлгийдөн авсан түүний хувьд Extreme Ownership нь тэс хөндлөн ойлголт ажээ. Яагаад дургүй байсныг нь би шууд л ойлгов. Гаргасан бүтээгдэхүүн нь яагаад амжилт олохгүй байгаа тухай түмэн шалтаг, шалтгааныг тоочив. Үүнд: зах зээлийн сорилттой мөчлөг, салбарын өөрчлөлт, багийн зарим нэг туршлагагүй гишүүн, борлуулалтын багтай үүсээд буй харилцаа холбооны сул дорой байдал болон хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний чанар гэх мэт. Мөн тэрбээр компанийн ахлах удирдлагын багийг буруутгав. СТО-ын зүгээс гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрөх, өөрийн баг нь илүү сайн ажиллаж болох боломж байгаа зэргийг эрс эсэргүүцэв.

Миний зүгээс завьны уралдааны түүхээ ярьж өгөв. Зургадугаар баг ахлагчаа солимогцоо хэрхэн ялалт байгуулж эхэлсэн нь муу баг гэж байдаггүй, зөвхөн муу манлайлагч л гэж байдаг гэдгийг нотолсон гэв.

“Шинээр томилогдож очсон ахлагч ямар өөрчлөлтийг хийсэн юм бэ?” хэмээн нэгэн захирал асуув. “Хоёрдугаар багийн ахлагч Зургадугаар багт ахлагчаар очмогцоо Extreme Ownership ийг утгаар нь харуулсан юм” хэмээн би хариулав. Бодит байдалтай нүүр тулах замаар Зургадугаар багийн гүйцэтгэл нь асар муу байсныг хэлж хүлээн зөвшөөрөөд дараагийн удаа илүү сайжрах ёстойг сануулсан. Түүний хувьд хэнийг ч нэр цохож буруутгаагүй бөгөөд муу гүйцэтгэлтэй холбоотой ямар ч шалтаг гаргаагүй юм. Өөрийн багийг сайжруулах арга замыг хайж бусдыг хүлээж суухгүйгээр бүх хариуцлагыг өөртөө авсан. Амжилтгүй байгаагаа хүлээн зөвшөөрч, нөхцөл байдалд бодитой дүн шинжилгээ хийж багийн гүйцэтгэлээ сайжруулах замаар ялалтад хүрэх төлөвлөгөөтэй байлаа. Хамгийн гол нь тэрбээр багаараа ялалт байгуулж чадна гэдэгт итгэж байсан явдал юм.

Зургадугаар багийн ахлагч нь алдаагаа хайхаас илүүтэйгээр багийн хамтын ажиллагаагаа сайжруулж бүх анхаарлаа өгөгдсөн даалгавартаа хандуулж тэмцээнд ялахыг л зорьж байв. Гүйцэтгэлийн шинэ стандартыг тогтоож багийн гишүүдээсээ улам их хичээл зүтгэлийг шаардав.

Миний хувьд Зургадугаар багаас Хоёрдугаар багт очсон ахлагийн хувьд нүдэн дээр нь үйл явц хэрхэн өрнөж хуучин баг нь ялалт байгуулж байгааг хараад өөртөө ямар дүн тавьж байгаа нь сонирхолтой санагдсан. Багийн амжилтгүй байсан шалтгаанаа өрөөл бусдаас хайж, сайн гүйцэтгэлтэй багт очихдоо бүх зүйл амар байдлаар өрнөнө гэсэн хүлээлттэй байсан түүний хувьд хуучин баг нь ялаад эхэлмэгц өөрөөс нь шалтгаалж байсныг ойлгосон байх.

“Товчоор дүгнэхэд, танай баг чинь амжилттай байна уу амжилтгүй байна уу гэдэг нь зөвхөн манлайлагч танаас л шалтгаална. Extreme Ownership ойлголт нь таныг зөв шийдвэр гаргах замаар өөрийн ямархуу удирдагч вэ гэдгээ харуулж ялалт байгуулахад туслах болно” гэж би хэлэв. Үүний хариуд Технологийн газрын захирал “Бид зөв шийдвэр гаргаж байгаа” хэмээв. “Гэхдээ танай компани ялалт байгуулж чадахгүй байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн шүү дээ” гэж би зөрүүлэн асуухад, “Бид ялалт байгуулаагүй байж болно, гэхдээ бид зөв шийдвэр гаргаж байгаа” гэж СТО ярив. “Хэрэв ялалт байгуулахгүй бол түүнд хөтөлж буй шийдвэр чинь зөв биш гэсэн үг” гэж би дахин нэг учирлав.

Зургадугаар багийн анхны ахлагч шиг СТО-ын зүгээс Extreme Ownership ийн эсрэг үйлдэл гаргаж хамаг бурууг бусдаас хайж шалтаг тоочсоор л. Багаа сайжруулах ямар нэгэн арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй бөгөөд хамгийн аюултай нь өөрийн болон багийн гүйцэтгэлээ тааруу байсан гэдгийг хүлээн зөвшөөрхөөс эрс эсэргүүцэж байв.

Удаан үргэлжилсэн хөтөлбөрийн эцэст оролцогчдын дийлэнх нь Extreme Ownership ийг хангалттай хэмжээнд ойлгон авч хүлээн зөвшөөрөв. Гэвч СТО л ганцаараа эсэргүүцсээр дуусав. Хэлэлцүүлэгийн дараа СЕО-той уулзаж болсон үйл явцын талаар илтгэв. Танай компанийн нэг захирал л их асуудалтай юм байна хэмээхэд СЕО-ын зүгээс шууд л “СТО юу?” гэв. “Тийм ээ” гэхэд СЕО-ын зүгээс СТО-ын туршлага болон мэдлэг нь тухайн компанийн хувьд асар үнэ цэнэтэй учраас ажлаас нь халах ямар ч боломжгүй гэж бодож байгаа тухайгаа ярив. Түүний хариуд хэрэв СТО чинь Extreme Ownership ийг хүлээн зөвшөөрч өөрийн алдаагаа хүлээгээд, бусдыг буруутгахаа больж чадвал багаа амжилтанд хөтлөх боломжтой. Хэрэв тэгэхгүй бол багийн гүйцэтгэлд нь ямар ч өөрчлөлт гарч чадахгүй бөгөөд танай компанийн үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй хэвээр байх болно гээд уулзалтаа өндөрлөв.

Долоо хоногийн дараа би СЕО-руу залгаж нөхцөл байдал ямар байгааг тодруулав. Удирдлагын багийн дийлэнх нь Extreme Ownership-ийг хэрэгжүүлж эхэлсэн тухай сонирхуулаад СТО-гоо халсан гэв. Шинээр ажилд орсон СТО нь Extreme Ownership-ийг бүрэн утгаар нь хэрэгжүүлдэг бөгөөд түүний ачаар бусад багуудтайгаа харилцах харилцаа нь сайжирч компанийн үйл ажиллагаа эрчимтэй сайжирсан гэв. Нэгэн цагт дампуурах дөхөж байсан компани ийнхүү ашигтай ажиллаж эхлэв. Аливаа байлдаан, тулаанд манлайлагч бол цор ганц амжилтын үндэс байдаг гэдгийг энэ жишээ дахин нэг удаа харуулсан явдал болсон. Манлайлагч нь хэрхэн үр дүнтэй байж багаа илүү бүтээмжтэй ажиллуулж ялалтанд хүргэх замыг эрэлхийлэх ёстой. SEAL бэлтгэл сургуулилт, дайны талбар, бизнесийн орчинд эсвэл бодит амьдралд муу баг гэж байдаггүй, зөвхөн муу манлайлагч л гэж бий.

(Visited 221 times, 1 visits today)

Leave A Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн