Уншиж байгаа номноосоо өөрт хамгийн их таалагдсан санаа, зөвлөгөөнүүдээс та бүхэнтэй хуваалцъя гэж бодоод “Цохилт” гэдэг бяцхан булан эхлүүлье гэж шийдэв. Зарим номыг уншиж байх үед яг л тархин дундуур дэлсээд авч байгаа мэт санагдуулам ухаарал, урам зориг өгсөн хэсэг гардаг даа? Түүнийг “цохилт”-той зүйрлүүлсэн ухаантай. Хамгийн эхний онцлох цохилтоор Jay Shetty-ийн 2020 оны 4 дүгээр сард худалдаанд гарсан “Think like a monk” буюу “Лам шиг сэтгэ” хэмээх номноос өөрт таалагдсан зөвхөн нэгээхэн хэсгийг түүвэрлэн хүргэе. Хувь хүнийхээ хувьд сүүлийн хэдэн долоо хоног дугуй унахын тулд (хэт халуунаас зайлсхийх зорилгоор) өглөө эрт босч эхэлсний хувьд танд ч гэсэн хэрэгтэй байж магад гэж бодож сонгов. Таалагдвал мэдээж та номыг нь худалдан авч унших боломжтой.
Зургадугаар бүлэг:
“Routine – Хэвшил”
Хүмүүс ер нь өглөөг яаж эхлүүлдэг вэ? Унталттай холбоотой судалгаанаас үзэхэд бидний 85 хувь нь өглөө сэрэхдээ сэрүүлэг ашиглаж сэрдэг. Бие махбодь тань өглөө сэрэхэд бэлэн болохоос өмнө мелатонин хэмээх унталтыг зохицуулдаг даавар биенд маань ачаалласаар байдаг учраас бид сэрүүлэгнийхээ snooze товчыг дарчихдаг.
Тэгвэл бидний 25 орчим хувь нь нойроо ханаагүй байхад сэрсэн даруйдаа 1 минутын дотор хамгийн буруу зүйл болох гар утсаа аваад оролдож эхэлдэг. Бидний бараг тал хувь нь сэрсэнээсээ хойш 10 минутын дотор гар утсаа шалгадаг. Өөрөөр хэлбэл өглөө бүр сэрсэн даруйдаа л тоо томшгүй их мэдээлэл дунд живж өөрийгөө ачаалж эхэлдэг.
Дэлхий дээр 2 секунд дотор 96 км/цаг хүртэл хурдлах чадалтай зургаахан машин бий. Хүний бие болон сэтгэл санаа бол яг л тэр 6 машинаас бусад шиг нь огцом өөрчлөлт хийх чадваргүй байхаар бүтээгдсэн. Тиймээс өглөө сэрэнгүүтээ л найзынхаа гомдоллож тунирхсан сэтгэгдэлүүд, сүүлийн үеийн мэдээний гарчигууд зэрэг хэнд ч хэрэггүй өвдөлт авчрах зүйлд хошуурхаж огт хэрэггүй. Өглөө сэрэнгүүтээ хамгийн түрүүнд гар утсаа харах нь хэл ам нь гүйцэгдэхгүй, огт танихгүй нэг зуун хүнийг унтлагынхаа өрөөндөө өглөө усанд орох, шүдээ угаах, үсээ янзлахаасаа өмнө урьж оруулахтай ижил юм. Сэрүүлэг болон гар утасны цаана өрнөж буй дэлхий ертөнцийн хооронд л та аль хэдийн стресс, дарамт, сэтгэл зовнилыг өртөө хуримтлуулж эхэлнэ. Ийм төлөв байдлаас ангижирч тухайн өдрийг үр бүтээмжтэй өнгөрүүлж та чадна гэж үү?
Өглөө эрт босч дадах нь үр бүтээмжтэй байдал руу хөтөлдөг. Амжилттай бизнесийн салбарынхан үүнийг аль хэдийн хэрэгжүүлээд явж байна. Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк өглөө 3:45-д, Ричард Брэнсон өглөө 5:45-д босдог бол Мишээл Обама өглөө 4:30-д босдог байна. Өглөө хэдэн цагт босох нь чухал хэдий ч, шөнө хэдэн цагийн нойртой байх нь бас чухал. Amazon компанийн захирал Жэф Бэзо шөнө бүр 8 цагийн нойр авахыг чухалчилдаг. Үүнээс бага цагийн нойр авч байх нь илүү бүтээмжтэй байлгах боломжтой ч чанарт сөргөөр нөлөөлнө гэж үздэг аж. Тиймээс өглөө эрт босох бол оройдоо бүтэн цагийн нойр авч чадах цагтаа унтаж байх хэрэгтэй.
ҮҮНИЙГ ОРОЛДООД ҮЗ: ЭРТ БОСОХЫГ ХЯЛБАРЧЛАХ НЬ
Энэ долоо хоногт босдог цагаасаа зөвхөн 15 минутын өмнө л босох. Сэрүүлэг шаардлагатай болох байх, гэхдээ хөнгөн байдлаар тохируулах. Сэрэнгүүтээ гэрлээ хамгийн бага дээр нь тохируулах, намуухан дуу тоглуулах. Бонусын 15 минутаа дуустал ядаж утсаа оролдохгүй байх. Энэ цаг хугацааг тухайн өдрийнхөө өнгийг тодорхойлох гэж буй тархиндаа зориул. Долоо хоногийн дараа дахиад 15 минутын өмнө босох. Ингээд өөрт чинь нийт хагас цагийн сул зай гарч ирлээ гэсэн үг. Яаж зарцуулах гэж байна? Шүршүүрт арай удаан орж болно. Цайгаа тайван уу. Гарч алх. Бясалга. Хаалгаараа гарахаасаа өмнө өөрийгөө цэнэж, цэгцлэхэд тэрхүү хугацаагаа зарцуул. Оройдоо харин тв болон утсаа унтраагаад нойр хүрч буй эхний шинж тэмдэг илэрмэгц орондоо орж унтах хэрэгтэй. Эрт унтах тусам өглөө босоход хялбар байх болно.
Өглөө бүр эдгээрт цаг гарга (TIME):
Талархах (Thankfulness). Хэн нэгэнд, ямар нэгэн газарт эсвэл ямар нэгэн зүйлд өдөр бүр талархлаа илэрхийлэх. Үүнд талархаж байгаагаа бодох, бичих, хуваалцах зэрэг багтана.
Суралцах (Insight). Ном унших эсвэл подкаст сонсох зэргээр шинэ мэдлэг/мэдээлэл олж авч байх.
Бясалгах (Meditation). Өөртөө 15 минутыг өдөр бүр зарцуулж амьсгал, төсөөлөх дасгалуудыг хийх.
Дасгал хийх (Exercise). Лам нарын хувь иога хийдэг, гэхдээ таны хувьд энгийн сунгалтын дасгал эсвэл биеийн хүчний дасгалуудыг хийх.
Thankfulness. Insight. Meditation. Exercise. T.I.M.E. бол таны өглөөгөө угтах шинэ хэв маяг юм.