Ковидийн “ачаар” энэ оны 3 дугаар сараас хойш унадаг дугуй (road bike) унах шинэ хоббитой болсон ба эхлээд найзынхаа дугуйг түр зээлэн унаж байгаад өөрөө дугуй худалдаж авахдаа нилээн юм болсон. Ямар төрлийн дугуй авах уу, уулын дугуй юу, замын дугуй юу гээд л.. Миний хувьд замын дугуйг сонгосон. Яг над шиг ийм байдалд байгаа эсвэл ирээдүйд дугуй авч уная гэж бодож байгаа хүмүүст хэрэг болж магад гэж бодон өөрийн бяцхан туршлагаа хуваалцъя.

Замын дугуй нь олон төрөлтэй: aero, endurance, gravel, flat bar гэх мэт. Замын дугуй сонгож авахдаа юуг анхаарвал зүгээр талаар бичье. Үндсэндээ доорхи гурван асуултанд ямар байдлаар хариулахаас ихээхэн зүйл шалтгаална:

  • Таны төсөв хэд байна?
  • Яг одоо ямар байдлаар дугуй унаж байна? Цаашид яахаар төлөвлөж байна?
  • Таны дугуй унах чадвар гэх мэт.

Миний хувьд анхлан суралцагч байсан учраас хуучин (second-hand ) дугуй худалдаж авсан. Яваандаа үнэхээр дурлаад, сонирхвол сайжруулах боломж байгаа гэдэг байдлаар хандсан. Хэрэв хуучин дугуй худалдаж авах гэж байгаа бол дугуй сайн мэддэг найз, танилаасаа тусламж хүсэх нь их чухал шүү. Хуучин дугуй ямар ч нөхцөл байдалтай байж болох учраас мэддэг хүнээр нь үзүүлж харуулж авах нь зүйтэй. Гэхдээ дээрхи асуултад яаж хариулсанаас үл шалтгаалаад миний хувьд өгөх зөвлөгөө бол endurance төрлийн замын дугуй нь дөнгөж дугуй унаж эхэлж буй хүмүүст илүү тохиромжтой санагдсан.

Миний анхны дугуй: Polygon Helios 200 (2012), хөнгөн цагаан биетэй (frame), карбон ацтай (fork), Shimano Sora тоногтой, 23мм өргөн дугуйтай. $350AUD аар худалдаж авч байсан.

Дугуйны гол эд ангиуд бол бие (frame), тоноглол (groupset), дугуй (wheelset), тормоз (brake) юм. Миний анхны дугуй нь endurance биш уралдааны байрлал бүхий дугуй байсан. Түүний дараа endurance төрлийн дугуй авч унаад хоорондын ялгааг нь биеэр мэдэрсэн. Endurance төрлийн дугуйны давуу талууд гэвэл:

  • Биеийн бүтэц нь илүү тохь тухыг хангах байдлаар бүтээгдсэн
  • Өргөн хэмжээстэй дугуй хийх боломжтой
  • Дискэн тормоз хийснээр ямар ч цаг агаарын нөхцөлд илүү найдвартай болгодог

Хэрэв та уралдаанд оролцох гээгүй л бол endurance төрлийн дугуй нь танд илүү тухтай байх болно. Өргөн хэмжээстэй дугуй ашигласнаар муу замтай газарт дугуй унахад биенд ирэх доргилтыг илүү сааруулж бага ядардаг. Мөн доошоо тонгойх нь бага тул олон цагийн турш дугуй унасны дараа бие зовиурлах нь бага байдаг.

Миний дараагийн буюу анхны endurance дугуй: Giant Defy Advanced 3 (2016): бүхэлдээ карбон материалтай (илүү хөнгөн), Shimano Tiagra тоногтой, дискэн тормозтой, 25мм өргөн дугуйтай. $800AUD аар худалдаж авч байсан

Дээрхи зурагнуудад буй 2 дугуйг хооронд нь харьцуулж харвал суудал ба бариулын байрлалын түвшин нь хоорондоо хэр ялгаатай байгаа нь анзаарагдана. Цагаан дугуйны суудал нь нилээн өндөрт байрласан байхад бариул нь нилээн доор байрлалтай байна. Тиймээс дугуйгаа унахад хүн цээжэн биеэрээ нилээн доош тонгойх хэрэгтэй болно. Харин хөх дугуйны бариул нь суудалтайгаа бараг ижил түвшний өндөрт байрлаж байгаа тул цээжэн биеэр бага зэрэг тонгойход л болох учраас олон цаг дугуй унахад харьцангуй ядралт бага байлгадаг.

Тиймээс та анхны дугуйгаа сонгохдоо эхний ээлжинд endurance төрлийн дугуйг сонгохыг танд зөвлөж байна.

(Visited 17 times, 1 visits today)

Leave A Comment

Your email address will not be published. Required fields are marked *