Хөлбөмбөгийг амтлагчид

mongolia-blue-wolves

2012 оны 5 дугаар сарын 19-ний тэр өдрийг санахад одоо ч их сайхан байдаг юм. Би харьцангуй сүүлд хөлбөмбөг сонирхож эхэлсэн. Хөлбөмбөг сонирхож эхэлсэн цагаасаа Английн багуудыг дэмжиж, тэр дундаа Челси клубыг, Английн шигшээ багийг дэмждэг болсон. Өнгөрсөн улиралд Челси клубын хувьд түүхэндээ анх удаа Аваргуудын Лиги хэмээх Европын хөлбөмбөгийн клубуудын хамгийн нэр хүндтэй цомыг Германы Баерн клубыг өөрийнх нь нутаг дээр нь 62500 үзэгчдийн өмнө нь нэмэлт цагт, торгуулийн цохилтоор хожин фэнүүддээ асар их кайф, баяр хөөрийг бэлэглэж байв.

Хөлбөмбөг сонирхогч нарын хорхойг хөдөлгөж, шарыг гозолзуулдаг зүйл бол яах аргагүй фантази тоглоом. Найзуудтайгаа лиги үүсгээд, бооцоо тавиад тоглох ч бас л кайфтай л даа. Тиймээс хөлбөмбөг сонирхогч залуусын заавал тоглох ёстой iOS, Android app-ийг санал болгож байна. “Star Player” нэртэй энэхүү апп нь Аваргуудын лигийн тоглолт шууд явагдаж байх мөчид тоглогдох бөгөөд тоглолтоо үзэх зуураа утсаа гаргаж ирээд ганц хоёр товшиход л маргааш нь өдөржин найзтайгаа ярих ярианы сэдэвтэй болох боломжыг танд олгоно. Найзуудтайгаа лиги үүсгээд нэг орой Аваргуудын лигийн тоглолтыг үзэхдээ туршаад үзэхийг зөвлөж байна.

 

Энэ улиралд хэдийгээр хэсгээсээ шалгарч чадаагүй ч яах аргагүй л дэлхийд топд тооцогдох Испанийн хоёр, Германы хоёр клуб шалгараад байна. Барселонагийн хувьд сүүлийн 6 жил дарааллан хагас шигшээд шалгарч бас нэгэн шинэ амжилтын түүхийг бичив. Мессигээр ахлуулсан Барса дахин нэг цом өргөх үү, эсвэл “цорын ганц” Хозе Моуриньогийн Реалууд финалд үлдэх үү. Германы баг ямар ч үед сэтгэлээр унадаггүй, яг л програмчилсан мэт тоглолт үзүүлдэг. Өнгөрсөн онд фэнүүдийнхээ нүдэн дээр Муллерийн 83 дахь минутанд хийсэн гоолын дараагаар цомноос атгаад алдсан Баернийнхан Английн Уэмблид ирж цомыг нь өргөх хүсэл, тэмүүлэл дүүрэн байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэдний хувьд форм ч сайн байгаа. Шөвгийн дөрөвт үлдсэн хамгийн битүү морьд бол Дортмунд. Германы Бундеслигийн өнгөрсөн улирлын аман хүзүү, Германы шигшээгийн ирээдүй болсон авъяаслаг залуучуудын бүрэлдэхүүнтэй уг баг цөм өргөөд зогсч байхад хэн ч гайхах хэрэггүй байх.

 

Хөлбөмбөгийг шууд үзнэ гэдэг бол хамгийн том кайф. Нойроо хугаслаж байж шөнө бүр үзэгчиддээ тухайн тоглолтуудыг тайлбарлана гэдэг бас л хүнд ажил. Тоглолтыг шууд хүлээн авч үзэхэд тайлбарлаж буй тайлбарлагч маш чухал үүрэгтэй. 2009 оны үед би SBN тв-ийн сувгаар NBA-ийн тоглолт нэг хэсэг тайлбарлах гэж оролддог байлаа. Амралтын өдрүүдийн өглөө болгон эрт босох шаардлагатай байсан учраас ямар сайндаа Баасандах боломж нэг хэсэгтээ л гараагүй. УЕФА-ийн Аваргуудын Лигитэй сүүлийн 7 жил тасралтгүй түншилж буй Хайникен шар айрагны Монгол дахь албан ёсны төлөөлөгч болоод удаагүй байгаа компани “Монголын шилдэг Хөлбөмбөг тайлбарлагч”-ийг шалгаруулахаар болсон нь өөрийн зүрх сэтгэл, хүч хөдөлмөр, бор зүрхээрээ ажиллаж байгаа манай залуусын хөдөлмөрийг бага ч атугай үнэлж, олон нийтэд таниулах арга хэмжээ болж байгааг сагс тайлбарлаж үзэж байсны хувьд би талархан хүлээн авсан юм.

 

Миний хувьд сайн хөлбөмбөгийн тайлбарлагч гэдэгт дараахь шинж тэмдгүүд байх ёстой гэж боддог: нэг талыг барьсан тайлбар хийдэггүй, сонсоход аятайхан хоолойтой, хөлбөмбөгийн талаар өргөн мэдлэгтэй, илүү дутуу сул үг хэрэглэдэггүй, оновчтой дүгнэлт хийж үнэлгээ өгч чаддаг. Дээр дурьдсан чанаруудыг агуулсан тайлбарлагчид манайд цөөнгүй бий. Дэмждэг багийнхаа тоглолтыг шууд үзээд ялалт авчирсан тэрхүү гоолыг нь тодорхойгоор дүрсэлж, санаанаас мартагдахааргүй үгээр илэрхийлж буй тайлбарлагчид бидний хөлбөмбөгөөс авах кайфыг хэд дахин нэмэгдүүлдэг билээ. Тайлбарлагчид маань ч яваандаа мэргэжлийн түвшинд хүрч, ур чадвар нь улам нэмэгдэнэ гэдэгт итгэж байна. Ингээд нэр дэвшиж буй дөрвөн тайлбарлагчаас хэн нь “Монголын шилдэг Хөлбөмбөг тайлбарлагч” болсоныг тэсэн ядан хүлээж сууя даа..

Share

Leave a Reply

Your email address will not be published.