Jan 11

Тийм ээ, амьдрал минь

Posted by Hantulga in Бодрол

Сүүлийн үед эерэг энергиэр хүмүүсийг цэнэглэх хэд хэдэн зүйлс гарч ирлээ. Манай рок попын одууд маань нэгдэн хүүхдийн төлөө “за” хэмээн хэлж хандивын тоглолтыг зохион байгуулж олсон бүх орлогоо хорт хавдартай хүүхдийн эмчилгээнд нь бүрэн зарцуулахаар болов. Түүнийг нь ч манай томоохон аж ахуй нэгж, байгууллагууд болон салбар салбарын төлөөллүүд тун идэвхтэй дэмжиж байгаа нь сайшаалтай. Сонгуулиар л нэгдэж дуу хийдэг байсан одууд маань ийнхүү хүүхдийн төлөө нэгдэв. Америкийн хамгийн орлоготой киноны жагсаалтад дээгүүр байрт явж байгаа Жим Кэригийн тоглосон “Yes Man” хэмээх киног олж үзэв.

Бухимдал, стресс дүүрэн болсон өнөөгийн нийгэмд эерэг энергитэй хүн асар цөөхөн болсоныг бид өдөр тутам харсаар байгаа. Магадгүй та ч, би ч өдөр ирэх тусам өөрийн эрхгүй сөрөг энергиэр хүссэн хүсээгүй цэнэглэгдэж байгаа. Болохгүй бүтэхгүй байгаа энэ нийгэмд өөр яалтай ч билээ. Яг ийм үед таньд нэгэн бодол төрүүлэхүйц кино бол яах аргагүй энэхүү кино болж чаджээ. Хадгаламж зээлийн хоршооны зээлийн эдийн засагчаар ажилладаг Карл хэмээх залуу амьдралдаа “үгүй” буюу бүх зүйлд сөрөг байдлаар ханддаг нэгэн байлаа. Өөрөө хийхгүй хэрнээ хүний хийж буй зүйлийг өөнтөглөх нь яг л манай монголчуудын зантай адил мэт. Найзуудтайгаа уулзахаас зугтааж, хаягдсан эхнэртээ өширхөж шинэ найз залууг нь доромжилж ажлын хүрээнд зээл авахаар ирсэн үйлчлүүлэгчийг юу ч болоохгүй байхад нь зээл олгохгүй гэж татгалзах энүүхэнд.

Удалгүй нэгэн 10 жилийнх нь найз нь түүнтэй таарч Yes Man хэмээх нэгэн алдартны лекцинд суухыг зөвлөж дагуулан явдаг. Тэрхүү семинарт сууж гармагцаа машинаа асаагаад явах гэтэл хүргээд өг гэсэн гудамжны гуйлгачины хүсэлтийг биелүүлэхээс эхлэн амьдрал нь бүхэлдээ “за” болж хувирна. Түүнд ирсэн бүх л хүсэлт, саналуудад “за, тэгэлгүй яахав, яагаад болохгүй гэж” гэсэн байдлаар ханддаг болсон нь Жим Кэрид яг тохирно. Хэрэв үгүй гэж хэлэх л юм бол энэ нь араасаа муу зүйлийг дагуулж байдаг нь тэр дорхноо мэдрэгдэж эхэлдэг. Ойрдоо иймэрхүү Жим Кэригийн сайн киног үзээгүйг ч хэлэх үү, миний хувьд тун их таалагдав.

Бүх зүйлд эерэгээр хандвал эргээд таньд буян болж таны ажил амьдрал хэрхэн бүтдэг тухай хамгийн энгийнээр та эндээс үзээрэй. Нэг нэгэндээ эрч хүчийг бэлэглэж, амьддаа бие биенээ хайрлацгаая хүмүүс ээ.

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

12 Responses



Leave a Reply

Copyright © Hantulga.com | Tune Ur Life